ТАНИЛЦУУЛГА

Эрэн хайх, аврах салбар нь анх 1969 онд тухайн үеийн нэрээр Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Түймэр эсэргүүцэх агаарын харуулын хөдөлгөөнт отряд нэртэйгээр байгуулагдаж, ой хээрийн түймэр гардаг хавар, намрын улиралд АН-2 онгоцтой  ирж  ажилладаг байв.

1975 оны 3 дугаар сард Мөрөн хотод байнгын салбар болж 15 шүхэрчин гал сөнөөгч, 1 автомашинтай, түймэр унтраах төрөл бүрийн багаж хэрэгсэлтэйгээр Булган, Архангай, Завхан, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн унтраах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан байна.

Тус салбар нь 1979 онд НАХЯ-ны харъяанд  Гал түймэртэй тэмцэх газарт, 1991 онд Байгалийн гамшигтай тэмцэх салбар болж өргөжин 39 хүн 5 автомашинтай болж аймаг орон нутагт тохиолддог төрөл бүрийн гамшиг осол, аюулт үзэгдэлд аврах ажиллагаа явуулдаг болсон байна.

1999 онд Аврах салбар болж зөвхөн гамшиг ослын голомтод үүрэг гүйцэтгэдэг болж  түймэр унтраах   шүхэрчин-гал сөнөөгч 14 хүнийг Гал түймэртэй тэмцэх хэлтэст шилжүүлэн ажиллуулж байсан.

2004 онд Хөвсгөл аймагт Гамшгаас хамгаалах штабыг байгуулагдахад Аврах отряд нэртэйгээр нэгдэн орсон байна. 2011 онд Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах салбар болон зохион байгуулагдаж, эдүгээ салбарын даргаар хошууч Н.Мягмарсүрэн ажиллаж байна.

Эрэн хайх, аврах салбар нь салбарын дарга, бүлгийн дарга, эмнэлгийн зааварлагч, аврагч холбоочин-жолооч, аврагч, нийт 16 албан хаагч, шуурхай албаны 2 автомашин, төрөл бүрийн аврах багаж хэрэгсэлтэйгээр аймаг орон нутагт гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, голомтод аврах ажиллагааг зохих журмын дагуу явуулах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.