Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Говьсүмбэр, Баянхонгор, Булган, Дорнод, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 31-36 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.    

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орно, салхи баруун хойноос 6-11 м/с, 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22, 23-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи 20-нд Алтайн салбар уулс болон, говь, талын нутгаар 14-16 м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанБулган аймгийн Орхон сумын Мааньт багийн “Овоотой хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 34 км-т/ иргэн М-ийн эзэмшлийн “Икстрайл” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.18-ны өдрийн 18:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 33  км зам туулан 18:44 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэрСэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Халуун рашаан” гэдэг газрын урд уулын энгэрт /сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн  22:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 25 алба хаагч, 2 автомашинтай унтраахаар ажиллаж 07.18-ны өдрийн 15:00 цагт унтраан Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Атаа” гэдэг уул /сумын төвөөс хойд зүгт 148 км-т/ ойн түймрийн цэг www.fires.ru сайт дээр 07.12-ны өдрийн 15:30 цагт илэрсэн. Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, Үндэсний аврах бригадын 24 алба хаагч, нийт 44 алба хаагч, 1 автомашинтай унтраахаар ажиллаж 07.18-ны өдрийн 18:40 цагт унтраан Хан Хэнтийн тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Цагаан жалга” гэдэг газар /Сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ ойн түймрийн цэг 07.16-ны өдрийн 14:00 цагт www.fires.ru сайтад илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Д.Батболдоор ахлуулсан Мандал сум дахь Улаанбаатар төмөр замын харьяа “Мод боловсруулах үйлдвэр”-ийн 10 ажилтан, 1 автомашинтай түймрийг унтраахаар ажиллаж 07.18-ны өдрийн 08:00 цагт унтраан “Хандгай нуур” ХХК-ийн захиралд хүлээлгэн өгсөн.

4.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Устын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 40 км-т автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 07.18-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 алба хаагч, 1 автомашинтай 32 км зам туулан 16:05 цагт очиход  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан “Латио” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан “Ланд крузер-200” загварын суудлын автомашинтай мөргөлдөж нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны харьяат иргэн М /55 настай, эрэгтэй/, Б /42 настай, эрэгтэй/, С /32 настай, эмэгтэй/, А /4 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсан тул Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны харьяат иргэн Ц /45 настай, эрэгтэй/, Т /45 настай, эмэгтэй/, Б /26 настай, эрэгтэй/, Б /10 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж Хэнтий аймгийн Жаргалтхаан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

5.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Аянга: Баянхонгор аймгийн Заг сумын Баян-Улаан багийн “Навтан” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 24 км-т/ 07.18-ны өдрийн 21:40 цагт аянга бууж малчин Г-гийн 2 үхэр аянгад ниргүүлж хорогдсон тухай мэдээллийг тус сумын харьяат иргэн А аймгийн Онцгой байдлын газарт мөн өдрийн 21:45 цагт мэдээлсэн.

Газар хөдлөлт: Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн “Өлийн хөтөл” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 5 км-т/ /Ө-48010/00//, У-105086/00/// 07.18-ны өдрийн 23:47 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар 00:00 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянцогт сумын Засаг даргын орлогч Н.Мөнхбаяр, Баянхангай сумын Засаг дарга Б.Отгон-Эрдэнэ, Аргалант сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Нямсүрэн нараас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

6.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Овоот” гэдэг ууланд /сумын төвөөс зүүн зүгт 4 км-т/ Архангай аймгийн Ихтамир сумын харьяат иргэн Б-гийн хүү Б /15 настай, эрэгтэй / 07.17-ны өдөр мотоциклоор адуу хайж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 07.18-ны өдрийн 16:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, 1 нохой, Цагдаагийн газрын 2 алба хаагч, ар гэрийн 13 хүн, орон нутгийн 10 хүн, нийт 26 хүн, 1 нохой, 7 автомашин эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07.18-ны өдрийн 18:10 цагт “Овоот” уулын модноос эсэн мэнд олсон.

Өндрөөс аврах: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 9 дүгээр  багт 3 давхар орон сууцны барилгын 3 дугаар давхрын тагтнаас бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг 07.18-ны өдрийн 19:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 19:18 цагт очиход тус байрны оршин суугч иргэн Б-гийн хүү Б /3 настай, эрэгтэй/-г эсэн мэнд буулгаж аавд нь шилжүүлэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн “Бугат гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 5 км-т/ “Ховд” голд тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн оршин суугч иргэн Ж /27 настай, эмэгтэй/ 07.02-ны өдрийн 14:20 цагийн орчим “Ховд” голд живсэн тул 07.02-10-ны өдрүүдэд тус аймгийн Онцгой байдлын газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон байсныг 07.17-ны өдрөөс дахин үргэлжлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч, ар гэрийн 7 хүн, нийт 12 хүн, 3 автомашинтай 07.18-ны өдрийн 08:00 цагаас 3 бүлэгт хуваагдан ажилласан. 1 дүгээр бүлэг Ховд гол багийн “Соёмбот-Уул” гэдэг газраас Бугат сумын Буга багийн “Бригадын төв” гэдэг газар хүртэл 40 км-т завьтай 2 удаа, 4 метрийн гүнд 2 удаа шумбалт хийж, зангуу хаях, тэмтрэх аргаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 2 дугаар бүлэг Өлгий сумын “Найрамдал-Уул” гэдэг газраас Бугат сумын “Тавалтайн рашаан” гэдэг газар хүртэл 55 км-т 3 удаа автомашинаар, 3 дугаар бүлэг Өлгий сумын Соёмбот уулаас Бугат сумын Хасбаатарын хөшөө хүртэл 10 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 07.19-ний өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

Увс аймгийн Давст сумын Хандгайт баг /аймгийн төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Увс нууранд 4 хүн сэлж байснаас Увс аймгийн Улаангом сумын харьяат иргэн О /37 настай, эрэгтэй/ 07.18-ны өдрийн 17:50 цагт живсэн тухай дуудлагыг 07.18-ны өдрийн 18:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 2 автомашин, 1 завьтайгаар мөн өдрийн 18:45 цагаас эхлэн нуурын эргээс 300 метрт завиар, 2.5-3 метрийн гүнд 23 удаа гүний шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:50 цагт түр зогсоосон. 07.19-ний өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 5 км-т/ 4 хүн зугаалж байснаас тус сумын Үерт багийн харьяат иргэн М /21 настай, эрэгтэй/ Дэлгэр мөрний усанд живсэн тухай дуудлагыг 07.18-ны өдрийн 20:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай 07.18-ны өдрийн 20:11 цагаас эхлэн 2 км-т завиар, 3 метрийн гүнд 6 удаа шумбалт хийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 22:08 цагт түр зогсоосон. 07.19-ний өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top